Friday, October 10, 2008
МАХН III үеийг маань хэлмэгдүүлж байна
Монголын үндэсний ногоон хөдөлгөөний мэдэгдэл
2008 оны 10-р сарын 10
2007 оны 7-р сарын 1-ний үйл явдал бол “Монголд ардчилсан хувьсгалын шинэ давалгаан эхэлсэн өдөр” гэж бид үзэж байна. Энэ давалгаан улам хүчээ авах болно.
МАХН-ын хууль ёсыг уландаа гишгэсэн, дур зоргоороо, танхай, иргэдийнхээ өмчийг дээрэмдэн хулгайлагч гэмт араншин, ардчиллын ууган сонгуулиас өнөөг хүртэл бүхий л сонгуулийг луйвардан дээрэмдсээр ирсэн МАХН-ын эрх баригчид нь харийнхны гар хөл болон эх орноо газар шороотой нь худалдаж буй шударга бус бүхий л үйлдлүүдийг нэгэнтээ тэвчихээ байсан ардчилсан сэтгэлгээ бүхий соёлт иргэд 2008 оны 6-р сарын 30-ны шөнө хотын төвд цугларан эсэргүүцлийн дуу хоолойгоо өргөсөн билээ. Гэтэл 2008 оны 7-р сарын 1-ний өдөр нийгмийн энэхүү бухимдлыг ашиглан ардчиллын төлөө иргэдийн дуу хоолойг цусан далай болгон хувиргах, үй олноор нь хомроголон баривчлах, ардчиллыг нухчин дарах зорилгоор МАХН-ын дарга С.Баяр сонгуулийн дүн гараагүй байхад ялалтаа тэмдэгдэн “хундага тулгасан” нь бухимдсан олон нийтийг санаатайгаар өдөөн хатгаж турхирсан гэмт хэрэг хэмээн бид үзэж байна. Ийнхүү иргэдийг бухимдуулан турхираад, орой нь Сүхбаатарын талбай дээр шоу зохиохоор болсон нь МАХН-ын аллага үйлдэх төлөвлөгөөний нэгээхэн хэсэг байсан нь өнөөдөр ойлгогдож байна. Шоунд мэдээжээр залуучууд ирнэ хэмээн тооцоолсон байдаг. Тэд бол шинэ үеийн монголчуудын гурав дахь үе билээ. МАХН ийнхүү КГБ-ийн даалгавраар МАН-ын эх орончдыг толгой дараалан хөнөөж, цусаар гараа угаан төрсөн цагаасаа эхлээд л үе үеэр нь эх орончдыг хэлмэгдүүлсээр өнөөдөр гурав дахь үеийн маань цусыг урсгаж, эрх чөлөөгөөр нь наадан бахаа хангаж байна. МАХН ийнхүү улс төрийн хоригдлуудын гурав дахь үеийг “эх барьж” авлаа. Гэтэл МАХН-ын гурав дахь үеийнхэн өнөөдөр бүхий л шатны сонгуульд хүчээ үзэн, төрд шунаж, шургалж байна. МАХН-д элсчихсэн байсансан бол өнөөдөр тэдгээр чулуу шидсэн залуусаас хэн нь ч шоронд орохгүй, хэн нь ч харгис цагдаагийн бууны бай болж, толгойгоо өшиглүүлэхгүй байлаа. МАХН-ын гишүүн болж, эсвэл тэдний хамсаатан нь байж хуулиас гадуур амьдрах, эсвэл ядуу буурай, тэдний зохиосон “хууль” гээчийн өмнө хулганан амьдрах салаа замын өмнө өнөөгийн залуус тулаад ирчихсэн болтой. Ийнхүү ёс суртахуунгүй, адгуус мэт авирлан амьдарч сурахыг МАХН манай залууст уриалан тулгаж байна.
7-р сарын 1-нд бухимдсан, сониучирхсан хүмүүсийг цагдаагийн бууны сургуулийн сумны бай болгон өнжүүлж, тусгай бэлтгэгдсэн нөхдүүдийг санаатайгаар дунд нь оруулан хүмүүсийн цөсийг хөөргөн турхирч, цагдаа нар нь насанд хүрээгүй хүүхэд рүү хүртэл буу шагайж байхад энэ бүхнийг өдөөн турхирсан МАХН-ын удирдлагууд гарч ирээд үг хэлсэнгүй учраас өнөөдөр олон залуус ийнхүү улс төрийн хоригдол болон хувирлаа. Үймээн эхэлмэгц зогсоох бүл чадал Монголын төрд байсан уу? Байсан. Гэхдээ аль болох олон хүнийг шоронд хатаах сонирхол МАХН-ынханд байсан учраас тэд санаатайгаар юу ч хийсэнгүй өнжив. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн гурав дахь давалгааг МАХН ийнхүү эхлүүлж чадлаа. Нийслэлийн маань төв тэр шөнө цусан далай болон бузартлаа. МАХН-ын тугийг цусаар ахин нэг удаа тахилаа.
Ердөө л чихэр хувааж идсэнийхээ төлөө гэнэн залуус 4 - 7 жил хоригдох ял авчихлаа. Гэтэл “Хадгаламж” банкийг хулгайлсан МАХН-ын томчууд, ХЗХ нэрээр иргэдийн хуримтлуулсан хөрөнгийг дээрэмдсэн МАХН-ын залуус, УБ хотын бүхий л газрыг зарж завшсан МАХН-ын томчууд, тендер зуучлан замаас нь бизнесийнхнийг дарамтлан мөлжигч МАХН-ын түшмэдүүд, бууны сум, зэвсгийн наймааны МАХН-ын томчуудын сүлжээ, 100 саяын Галийн Баатарын хэргийн эзэд МАХН-ын томчууд, Хонгор сумынхны амь насаар тоглон хордуулж алсан МАХН-ын бүлэглэл.... Энэ бүх бузар луйвар, жинхэнэ гэмт хэргийн үүр уурхайгаа эхлээд хуулийн дагуу цэгцлэн шийтгэж, улс, ард түмнийг хохиролгүй болгож үлгэр дуурайл үзүүлчихээд, дараа нь “хууль ёс”-оо яривал яасан юм бэ, МАХН-ын толгой нар аа!
МАХН-ын эрх баригчид өнөөдөр гадны уул уурхайн сонирхлыг төлөөлөн Монгол улсад иргэний нийгмийн дуу хоолойг цус урсган дарах дардан замдаа шуудран ороод байгааг бид сайтар ойлгож байна. Иргэдийн эсэргүүцлийн дуу хоолойг нам дарж байж л гадаадын уул уурхайнхан Монгол улсад юу ч хялайлгалгүй, санасандаа хүрч, сарвайснаа авах эрхтэй болно. Африк, Латин Америкийн олон улс орны уул уурхайн ашиг харийнхны халаасанд бүхлээрээ орж, тэдгээр улс оронд ядуурал улам л гаарч, иргэний дайн тасрахгүй байгаа нь баримт. Уул уурхайгаа бэлэглэлээ гээд өрнөдийн орнууд тэдгээр улсууд дахь ардчиллыг огтхон ч дэмжихгүй байгаа. Иргэд нь ядуурсаар л, үхэж үргэдсээр л, хэдхэн томчууд нь хөрөнгөжсөөр л....
Иймээс Монголын гурав дахь үеийг хэлмэгдүүлэн, чихэр идсэнийх нь төлөө шоронд хатаах сонирхолын эсрэг дуу хоолойгоо нэгтгэцгээе! Дуугүй суулт хийснийхээ төлөө баривчлагдсан. Одоо дуу гаргаад нэг үзэхээр шийдлээ.
Монголын үр садыг бүү хэлмэгдүүл! МАХН-ын ивээл дор өрнөсөн бүхий л гэм хэргийг хуулийн тавцанд!
Монголын үндэсний ногоон хөдөлгөөний тэргүүн доктор А.Саруул
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment