Thursday, October 9, 2008

Монголын үндэсний ногоон хөдөлгөөний мэдэгдэл


Монгол улсын УИХ-д

Аливаа асуудлыг хиймлээр хурцатган байж ядарсан хүмүүст “халуун гараа” сунгагчийн дүрээр төсвөөс асар их хэмжээний мөнгө зувчуулан завшдаг тодорхой улс төрчдийн уламжлалт тоглолтын сонгодог жишээ болж буй “Эх орны хишиг 5000 төгрөгийг ямаа бүрт олгоё” хэмээх тогтоол батлах явдлыг манай хөдөлгөөн эрс эсэргүүцэж байна. МАХН энэхүү шийдвэрээ орон нутгийн сонгуулийн бамбай болгон гар өргөн батлахаар шийдсэн нь ойлгомжтой. Энэ их хөрөнгө малчдыг тэтгэхээс илүүтэй тэдний нэрийг барин хөлжигчдийг тэтгэх юм. Иргэдийн итгэл хэдийнээ алдарчээ.
Энэхүү ганц удаа ам таглах үрэлгэн шийдвэрийнхээ оронд ямаан сүргийн тоо толгойг хэмжээнд нь барьж, малчдын амьжиргааг ноолуураас өөр үйлдвэрлэлээр дээшлүүлэх бодлогод хөрөнгө оруулах ёстой. Монгол улсын аюулгүй, эрүүл ирээдүйн төлөө хөрөнгө оруулалт хийх л гэж та бүхэн төр түшиж байгаа бус уу.
Энэ мэтийн алсын хараагүй, шинжлэх ухааны үндэслэл муутай ашиг хонжоо хайсан олон олон шийдвэрийн улмаас Монгол орны экологийн тэнцвэр ноцтойгоор алдагдаж, монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа үгүй болоод байгааг бид ахин хатуу анхааруулж байна.
Аливаа шийдвэр гаргахдаа улсын төсвөөс завшихаа урьтал болгохын оронд төрийн сүлдний өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, асуудлыг олон талаас нь цэгнэж үзэхийг та бүхэнд сануулж байна.

Монголын үндэсний ногоон хөдөлгөөн

2008 оны 10-р сарын 9

Улаанбаатар хот

No comments: