Monday, February 23, 2009

Дархан цаазтай газар алт ухах мунхаглалаа зогсоохыг шаардаж байна

2009-02-18
Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Ш.Сайхансамбуу нарт

2009 оны 2-р сарын 12-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр ерөнхий сайд С.Баяр маш хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Тэрбээр Монгол улсын Дархан цаазтай нутаг дэвсгэр дээр алт олборлох, Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн тухай хуулийг өөрчлөх санал гаргав. УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, Э.Бат-Үүл, С.Баяр нар нэн ялангуяа 40 тонн алтыг Монгол улсын нутаг дэвсгэрийн амин судсыг таслан авахаар идэвхийлж байгаагийн учир юу вэ?
Дэлхийн эдийн засгийн хямралыг даван туулахад хөрөнгө, тэр тусмаа алт хэрэгтэй хэмээн эдийн засагчид тайлбарлаж байгаа авч тэрхүү 40 тонн алт “Монгол газар”, “Эрэл”, “Шижир алт” зэрэг цөөн хэдэн компаниудын эзэд, аймаг, сумыг засаг дарга нарыг хөрөнгөжүүлж, байгаль орчныг хүн, малтай нь хордуулаад л дуусна. Заамарын АШБ зэрэг хятадын компаниудын хөрөнгө л болно.
Балмад “Алт” хөтөлбөрийг 15 жилийн туршид хэргэжүүлж ирсэн авч Монгол улс нийгэм, эдийн засгийн хямрал, ядуурлаасаа салаагүйгээр барахгүй дээр нь байгаль орчноо хөнөөн устгасаар байна. Монгол улс бүхэлдээ хариуцлагагүй “Алт” хөтөлбөрийн балгаар ядууран хямарсаар яваад дэлхийн хямралд давхар өртөж эхэллээ. Энэ хугацаанд нийт нутаг дэвсгэрийн 60 илүү хувьд дийлэнхдээ алтны орд ашиглах лиценз олгогдсон байгаа.

Өнгөрсөн 15 жилд Монгол улс олон зуун тонн алт ухаад хямралаас гараагүй атлаа өнөөдөр 40 тонн алт ухаад л хямралаас гарна гэж бүү сэрүүн зүүдэл.

Хариуцлагагүй “Алт” хөтөлбөрийн балаг:

1. Хүн, мал хордож, удмын гажигтай үр сад төрөх болов
2. Олон гол горхи, нуур цөөрөм ширгэж, ой мод сүйдэв
3. Нинжа хэмээх мөнгөн усанд хордсон нийгмийн давхарга бий болов
4. Байгалиа хайрлах ухамсарыг мөхөөв
5. 1992 оноос эхлэн хэрэгжиж буй хариуцлагагүй ”Ал” хөтөлбөр Монгол улсад дарга хэмээх улс төрийн давхаргыг хүчирхэгжүүлж, хээл хахуулийг гааруулав
6. Химийн хорт бодисын мафия сүлжээ бий болов
7. Монгол улс Ази, Африк, Латин америкийн 70-аад орны замаар орж ядуурлын хямралд идэгдэв
8. Монгол улсын тусгаар тогтнол ганхаж байна

Хариуцлагагүй “Алт” хөтөлбөрийн гай гамшиг нь олзноосоо давж байна. Дэлхийн хямралыг даван туулсны дараа Монгол улс байгаль орчноо нөхөн сэргээхэд түүнээс хэд дахин их хөрөнгө шаардлагатай болно гэдгийг тунгаан бодоцгоож, Дархан цаазтай, тусгай хамгаалалтын нутаг дэвсгэртээ гар хүрэхгүй байхыг УИХ, Засгийн газраас шаардаж байна.

Монголын Үндэсний Ногоон Хөдөлгөөн

No comments: