Monday, February 23, 2009

Монголын ардчиллыг бүрхэгдүүлэгч бараан сүүдэр


Өнгөрсөн зуны цуст мөргөлдөөнийг өнөө хэр тайлбарлахад бэрх байна

Өнгөрсөн зун Монгол улсад реформ коммунистууд сонгуульд ялсны дараа цуст мөргөлдөөн гарав. Хүний эрхийг хамгаалагчид тухайн үеийн үйл явдлыг нэн учир битүүлэг байсан талаар цохон дурдаж урдаас төлөвлөсөн санаатай хуйвалдаан байсан хэмээн дүгнэж байна.

7 сарын 1-ний үйл явдал дэлхий дахины анхаарлыг ихэд татсан ба монголчуудыг ч өөрсдийг нь нэлээд цочирдуулсан билээ. Өнөөг хүртэл амар амгалан аж төрж ирсэн эгэл бор амьдралтай малчин, тариачин голдуу хүн амтай Монгол улсад эхлээд тайван өрнөж байсан жагсаал сүүлдээ хүчирхийлэл болон хувирч, цагдаа нар 5 хүнийг буудан хороож, 1000 орчим хүнийг баривчлав. Засгийн газар Улаанбаатар хотод 4 хоног онц байдал зарлан тогтоов. Асар уудам газар нутагтай, 2.6 сая хүн амтай, уул цөл хосолсон энэ улсад ийм явдал өмнө нь огт тохиолдож байсангүй.

Өнгөц ажихад үлгэр жишээ ардчилал
ЗХУ задран унаснаас хойш Монголын улс төрийн амьдралыг харин ч үлгэр дуурайл болгон үздэг байв. Хуучин коммунист нам хэдийгээр МАХН хэмээх нэрээ хадгалж үлдсэн авч шинэчлэл, зах зээлийг дэмжих замыг сонгосон байлаа. Ялагдашгүй МАХН тайван сонгуулиар нэгэнтээ бүтэн 4 жилээр сөрөг хүчин АН-д титмээ алдаж байсан удаатай. 2004 онд ижил тооны суудал авсан хоёр том нам энэ удаа эвслийн засгийн газар байгуулав.

Хөрш ОХУ-ынхаас хүчтэй, БНХАУ-аас тэс өөр маягаар Монголд нэлээд сэргэг иргэний нийгэм бий болжээ. Олон тооны ТББ идэвхжиж, хэвлэл мэдээллээр хараат бус дуу хоолой сонсогдох болов. Харин 2008 оны 6-р сарын сүүлчээр ардчилагчид УИХ дахь 76 суудлаас ердөө л 25-ыг авч, ганц нэгхэн бие даагч парламентад орсны дараа олон нийт сонгууль булхайтай болсон гэдэгт бат итгэлтэй болов. Парламентын өмнөх том талбай дээр эхлээд тайван өрнөж байсан жагсаал 7-р сарын 1-ний өдөр хүчирхийлэл болон хувирлаа. Жагсагчид МАХН-ын төв байр руу довтолж, түймэр асч, үймэн бужигнав. Цагдаа нар эхлээд тун учир битүүлэг байдлаар ухарч байсан атлаа хожмоо үй олноор нь хомроголон баривчлах давалгаа эхлүүлжээ.

Урдчилан төлөвлөсөн санаатай турхиралт байв уу?
Үүнээс хойш 7 сарын 1-ний үйл явдлыг Монголд олон янзаар тайлбарлаж байна. Албан ёсны тайлбарт хувьсгалт эргэлт, гэмт этгээдүүдийн халдлагаас ардчиллыг аварч байдлыг намжаасан гэдэг бол хүний эрхийн тэмцэгч нар 7 сарын 1-ний үйл явдлыг эрх баригч коммунистуудын урьдчилан төлөвлөсөн хорлонтой турхиралт байсан гэж үзэж байна. Мөн тэд эрх баригчид хуучин коммунист аргаараа эрх мэдлээ бэхжүүлж, шүүмжлэгчдийн амыг барихыг санаархсан үйлдэл хэмээн үзэж байна.
Улс төр судлаач Саруул (Монголд овог хэргэлэх шаардлагагүй) хүн амын цөөнх болон эрх мэдлээ тогтоогчид, авилгалд гүн нэвчсэн улс төрийн эсрэг тэмцсэн жагсаал байсан гэдэгт бүрэн итгэлтэй байна. Монголын ногоон хөдөлгөөний удирдагчдын нэг энэ эмэгтэй сонгууль хуурамч болсон, албан тушаалын наймаа газар авсан хэмээн үзэж байна. Саруулын хувьд тайван жагсаал цуглааныг энгийн хувцастай цагдаа нар санаатайгаар турхирсан тул хүчирхийлэл болон хувирсан нь ойлгомжтой гэж үзэв.
Монголын хүний эрхийн төлөө тэмцэгч Ундаряа нийт 30 орчим ТББ, өмгөөлөгч нартай хамтран хийсэн судалгаагаар маш олон учир битүүлэг зүйлийг илрүүлсэн байна. Үймээний үеэр болон дараа нь хийсэн баривчилгааны үеэр хуулийг маш олон удаа ноцтой зөрчсөн, маш олон зөрчилдөөнтэй тохиолдлыг илрүүлжээ. Баривчлагдсан маш олон иргэдийн мэдүүлснээр жагсагчдын дүрээр намын байрны хаалга руу довтолж байсан энгийн хувцастай цагдаа нар харин ч сүүлд нь тэд нараас байцаалт авч байсан гэдэг. Үмээний улмаас олон жилээр хоригдох ял авсан 250 орчим хүнээс нэлээд нь тухайн газарт очоо ч үгүй хэмээн мэдүүлжээ. Үймээн өдрийн цагаар болсон учраа тэдний дүрс бичлэг үлдсэн байх ёстой авч шүүх хурлууд дээр ганц ч дүрс бичлэг үзүүлээгүй байна. Өнөөг хүртэл 5 хүнийг хүчний байгууллагынхан хэрхэн буудан хороосон талаар ч нарийн тодруулаагүй байгаа аж. Ундаряа ч мөн өөрсдийн улс мөрийг баллахын тулд хийсэн санаатай турхиралт байсан хэмээн үзэж байна.

Учир битүүлэг явдлууд ба айлган сүрдүүлэг
Иймэрхүү хуйвалдаан байдаг тухай ойлголт хуучин ЗХУ-д нэлээд их яригддаг ба үнэн баттай болохыг тогтоосон нь бараг үгүй. Гэтэл хэдийгээр гадаадын ажиглагчид сонгуулийг шударга, харьцангуй чөлөөтэй явагдсан хэмээн дүгнэсэн ч сонгууль өнгөрсний хойно хачирхалтай явдлууд өрнөсөөр байна. Олон улсын хүрээллийнхэн үймээн эхлэхийн өмнө жагсагчдад гэнэт архи тарааж эхэлсэн тухай ярьж хэлээд байгаа. Улаан загалмайн олон улсын хорооныхон тухайн үйл явдлын дараа хоригдогсодтой уулзаж ярилцаж үзэх хүсэлт гаргасан байдаг. Гэтэл энэ хүсэлтэд Монголын ХЗДХЯ албан ёсоор татгалзаагүй атлаа өнөөг хүртэл “мөрдөн байцаалтын” гэсэн шалтгаанаар тэдэнтэй уулзуулахгүй л байна. Үймээний үеэр алуулсан хүмүүсийн цогцост задлан шинжилгээ хийсэн багийг ахалж байсан эмч удалгүй зуны байшиндаа учир битүүлэг шалтгаанаар шатаж нас барсан байдаг. Талийгаачийн охин “UB Post” сонинд эцгийг нь айлган сүрдүүлж, задлан шинжилгээний талаар хэнд ч бүү ярь хэмээзаналхийлж байсан тухай ярьжээ.
Амнести Интернэшнл хэмээх хүний эрхийн байгууллага 1-р сард талийгаачдын ар гэрийнхэнд нөхөн олговор өгсөн гэх боловч баривчлагдсан цагдаа нарыг эргүүлэн суллаж явуулсан санаа зовниж буйгаа албан ёсоор мэдэгджээ. Буудуулж нас барсан нэг хүн тэр өдөр хот орж дэлгүүр явж байгаад цагдаагийн машинд хөөгдөж ар дагзандаа буудуулж үхсэн байна.
7 сарын 1-ний үйл явдлын учрыг олохыг шаардсан монголын хүний эрхийг хамгаалагчдыг айлган сүрдүүлсээр байна. ХБНГУ-д төгсөж доктор цол хамгаалсан Саруул 8-р сард хоригдогсдод өршөөл үзүүлэн суллахыг шаардаж жагссаныхаа төлөө амгалан тайван байдал алдагдуулсан шалтгаанаар 14 хоног шоронд хоригдов. Хүний эрхийн зөрчлөөс хамгаалах төв хөдөлгөөнийг санаачлагч нятаршгүй хатагтай Баасан хоригдсон жагсагчид, буудуулж нар барсан иргэдийн төлөө тэмцэж, тэдний ар гэрийнхний өмнөөс ХЗДХЯ-ныхантай уулзах гэж очоод мөн дээрх шалтгаанаар 2 долоо хоног шоронд хоригдов. Өөрийнх нь мэдүүлснээр цагдаа нар түүнийг баривчилж байхдаа үйл ажиллагаагаа зогсоохгүй бол үхнэ гэсэн утгатай үгээр заналхийлсэн байна.

Эдийн засгийн ухралт
Эвлэрч байна гэдгээ харуулахын тулд парламентад хэдийгээр олонхи болсон ч ганцаараа засгийн эрхэнд гарахаас татгалзан МАХН ардчилагчидтай эвсэн засгийн газар байгуулав. Зарим бие даагчид үүнийг сонгууль будлиантуулсны ахин нэг баталгаа, хуйвалдаан хэмээн үзэж байна. Харин МАХН Монгол улс хүнд бэрх цагт тулж ирээд байна, хамтрах хэрэгтэй гэж тайлбарладаг нь нэгийг хэлж байна. Сонгууль нэн ялангуяа популист амлалтуудаар бялхаж өнгөрлөө. Бүхий л улс төрийн намууд хүн амын олонхи болох нэн ядууст олон төрлийн халамж амлаж, энэ бүх зардлаа ашигт малтмалаас санхүүжүүлнэ хэмээж байв. Монгол улс нь зэс, алт, бусад эрдэс баялгийн ашиглаагүй ихээхэн нөөцтэй орон. Гэтэл эрдэс баялгаа олборлож эхлэх төслийн хугацаа өнгөрчихөөд байна.
Энэ хугацаанд ашигт малтмалын үнэ ихэд унав. Санхүү, эдийн засгийн хямрал Монголд ч мөн илэрч байна. Монголын банкууд хэцүүдэж, улсын сан хөмрөг хасах руугаа оров. Ядуусыг мөхөөх инфляц өсч, эдийн засаг доройтсоор. Монголын засгийн газар ОУВС, Хятад, ОХУ-тай түр зуурын зээл авах талаар хэлэлцэж байна. Монгол улсын хувьд улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолоо авч үлдэхийн тулд том гүрнүүд болох БНХАУ, ОХУ-тай харьцахдаа АНУ, Европтой тогтоосон сайн харилцаагаа тэнцвэртэй авч үлдэх том асуудалтай тулгараад байна.
Реформ коммунистууд хөрш автократ дэглэмүүддээ орогнол хүсэхгүйн тулд үндэсний эвлэрлээ нэн тэргүүнд тавьмаарсанж. 7 сарын 1-ний хэрэг холбогдогсдод өршөөл үзүүлэх нь энэхүү эвлэрлийн чухал гараа мөн.

Neue Zuericher Zeitung

2009-02-20

No comments: