2008 оны 11 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот
Нэг. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ /БОНБҮ/- ний тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи 10 жилийн хугацаанд тус хууль нь энэ чиглэлд хууль эрх зүйн харилцааг зохицуулахад зохих үр дүнгээ өгч ирсэн билээ. БОНБҮ-ний тухай хуулийг боловсруулан, баталж, мөрдүүлснээр байгалийн нөөц, баялгийг үр ашигтай, зохистой ашиглах, үүсч болох сөрөг нөлөөлөлийг тодорхойлох, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой манай улсын байгаль орчныг хамгаалах ерөнхий хуулийн нэг болсон байна. Хууль хэрэгжиж эхэлсэн анхны үедээ БОНБҮ-ний үүрэг зорилго, ач холбогдлыг мэдрүүлэх, үнэлгээнд хамруулах чиглэлийн үйл ажиллагаа илүү түлхүү хийгдэж байлаа. Уг хууль хэрэгжсэнээр аливаа төсөл БОНБҮ хийлгүйгээр үйл ажиллагаа явуулж болохгүй гэдэг ойлголттой болжээ.
Гэвч сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хурдсан хөгжиж, ялангуяа байгалийн нөөцийн ашиглалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор байгаль орчин доройтох, бохирдох үйл ажиллагаа улам ихсэх боллоо.
Иймд эдийн засаг, нийгмийн харилцааны шинэчлэлийн өнөөгийн түвшинд улс үндэстнийхээ тогтвортой хөгжлийг хангах, эдийн засгийн үр ашигтай, нийгмийн хувьд шудрага, хариуцлагатай, байгаль орчиндоо зохистой хөгжлийг дээдлэх үүднээс байгаль орчин, хөгжлийн холбоог нягт хамтруулан үзэх үйл ажиллагааны зохицуулалтыг улам сайжруулахын тулд уг хуулийг шинэчилсэн найруулга хийж өөрчлөх шаардлага гарч байна.
Энэхүү шинэчилсэн найруулга хийсэн төслийн гол үзэл баримтлал нь:
Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдац мөн байгаль, цаг уурын эрчимтэй өөрчлөлтын улмаас байгалийн өөрөө цэвэрших процесс алдагдаж байгаа өнөөгийн үйл явцтай зайлшгүй уялдуулан, түүнтэй дасан зохицох асуудлыг тооцоолон авч үзэх үүднээс улсын хөгжлийн бодлого, хөтөлбөр бүс нутгийн урт хугацааны төлөвлөгөөнд байгаль орчны стратеги үнэлгээг хийдэг болох асуудлыг тусгах
Хүн амын амьдралд улам бүр өсөн нэмэгдэж байгаа газрын ашиглалт, түүний баялагийн хэрэгцээ нь өрсөлдөөн сөргөлдөөнийг бий болгосоор байна. Зөрчлийг аль болох багасгаж, хамгийн үр өгөөжтэй, зохицсон сонголт нь нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчныг хамгаалах асуудалтай холбон авч үзэх нь юу юунаас чухал учраас үйлдвэрлэлийн зохистой бүтэц үр өгөөжтэй байдлыг сонгон хэрэгжүүлэх, газрын нөөц баялагийн ашиглалт, хүн амын суурьшил, нутгийн иргэдийн хүсэл сонирхолыг тусгасан өргөн цар хүрээтэй бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх бүтэц, зохион байгуулалтын асуудлыг тодорхой болгон, хуулийн харилцаанд оролцож буй төрийн байгууллагуудын үүрэг, хариуцлагын механизмыг нарийвчилан тусгах, хэрэгжилтэд тавих хяналтыг чанаржуулан, чангатгах үүднээс олон нийтийн оролцоо, мониторингийн тогтолцоог тодорхой болгон оруулах
Хуулийг шинэчлэн боловсруулах гол үндэслэл :
1.Улсын хөгжлийн бодлого, хөтөлбөр, бүс нутгийг хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөөнд байгаль, цаг уур, орчны хувьсан өөрчлөгдөх явц чанар, даацын байдал болон хүний үйл ажиллагаанаас үүсэж болзошгүй ялангуяа хуримтлагдан бий болох сөрөг нөлөөллөөс үүсэх эрсдэлийн аюулын шинж чанарыг тодорхойлох улмаар шинээр бий болох дэд бүтэцтэй уялдуулан судлаж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээгүйн улмаас уг бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа явдал түгээмэл болсон.
2. Бусад улсын туршлагаас авч үзэхэд тухайлбал Европын холбооны улсууд 2000 оноос нэгдсэн бодлоготойгоор улс бүр өөрсдийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөний баримт бичгүүдэд байгаль орчны стратеги үнэлгээг хийж байх шийдвэр гарган мөрдөж байгаа юм. Түүнчлэн олон улсын байгууллагаас удирдлага чиглэл өгч улс үндэстэний хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд байгаль орчны стратегийн үнэлгээ хийснээр байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хүн амын хөгжлийн зохистой уялдааг хангаж, тогтвортой хөгжих үндэслэл болно гэж үзэх болсон юм.
3. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй БОНБҮ хууль нь зөвхөн төслийн хэмжээнд үнэлгээ хийж ирсэн бөгөөд үнэлгээг хийх үйл ажиллагааг нарийвчилан судлан, хуулийн хийдэл, орхигдлыг тодруулах, хувийн аж ахуй давамгайлан хөгжиж буй эдийн засгийн системтэй уялдуулан авч үзэх шаардлагатай болсон.
4. Төслийн хүрээнд хийсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний
хэрэгжилт хангалтгүйн улмаас байгаль орчин бохирдон, доройтох улмаар зарим бүс нутагт сүйрлийн байдалд ч орох нөхцөл байдал үүсэх болж улмаар орон нутгийн иргэдийн амьдах орчин, амьдралын нөхцөлийг алдагдуулан иргэдийн хөдөлгөөн, эвсэл байгуулан тэмцэхэд хүргэж байна.
5. Өнөөдрийг хүртэл байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх
эрх олгох зөвшөөрлийг тодорхой мэдээлэл, хяналтгүйгээр олгож ирснээс гадна үнэлгээ мэргэжлийн чанарын зохих шаардлагыг хангахгүй, түүнчлэн зохиогчийн хяналт тавих механизм байхгүйгээс үнэлгээний хэрэгжилтийн асуудал сул байна.
6. Өнөөдөр мөрдөгдөж буй байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний
холбогдох харилцааг зохицуулах чиглэлээр гарсан журмуудыг уг хуульд тусгаж өгөөгүйгээс эдгээр нь хууль эрх зүйн үндэслэлтэй баримт бичиг болж чадахгүй байгаа юм.
7. БОНБ-ын нарийвчилсан үнэлгээг батлахаас өмнө орон нутгийн байгууллага, иргэдийн саналыг авах ёстой ч төслийн зорилго, ач холбогдол, байгаль орчны менежмент болон орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр зэргийг ойлгомжтой байдлаар сонирхогч этгээдүүдэд ямар хэлбэрээр, хэн хариуцаж танилцуулахыг тодорхой тусгаагүй байгаа нь төслийг олон нийтэд танилцуулах ба зөвлөлдөх шаардлагыг хангахгүй байна.
8. БОНБ-ын нарийвчилсан үнэлгээ нь маш том судалгааны ажил болохын хувьд энэхүү ажлын үр дүн тайланг нийтэд нээлттэй болгох асуудал хуулинд тусгагдаагүй, түүнийг сурталчлах ажил өнөөгийн шаардлагыг хангахгүй байна.
9. БОНБҮ-тэй холбогдох маргаан, хариуцлагын механизмыг тодорхой болгох шаардлагатай байна.
Хоёр. Хуулийн төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ:
1. Хуульд стратеги үнэлгээ хийх асуудлыг шинээр нэмж оруулсантай холбогдуулан одоо мөрдөж буй хуулинд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн хэмжээ, цар хүрээг харгалзан шинэчилсэн найруулгын төслийн хэлбэрээр боловсруулав.
2. Хуулийн зорилтыг “Энэ хуулийн зорилт нь байгалийн нөөц баялгыг зохистой ашиглах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор төрийн стратегийн баримт бичиг болон төслийг хэрэгжүүлэх эсэхийг шийдвэрлэхэд баримтлах үндэслэл болох байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх үйл ажиллагаатай холбогдох харилцааг зохицуулахад оршино” гэж өөрчлөн найруулав.
3. Хуулийн нэр томъёонд хуулийг шинэчлэн найруулгаар өөрчилсөнтэй холбогдох ойлголтуудыг нэмж орууллаа.
4. Хуулийн хоёрдугаар бүлэгийг “Байгаль орчны стратеги үнэлгээнд тавигдах ерөнхий шаардлага” гэж шинээр нэмж оруулав..
5. Хуулийн гуравдугаар бүлэгийг “Төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэж гарчигласан бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээтэй холбогдох асуудлыг энэ бүлэгт оруулж өглөө.
6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг байгалийн нөөц баялаг ашиглах төсөлд төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах явцад аль болох эхний шатанд хийлгэж байхыг шинээр нэмж оруулж өгөв.
7. Үнэлгээний шинжээчийн гаргасан дүгнэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр баталсан Мэргэжлийн комиссын хурлаар оруулж баталгаажуулж байхыг шинээр хуульчилж өглөө. Мэргэжлийн комиссын бүтэц бүрэлдэхүүн, санхүүжилтын асуудлыг мөн хуульд тодруулж орууллаа.
8. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан 3 хувь хийж байгаа нь олон нийт түүнтэй танилцах үйл ажиллагаа хаалттай байдаг, орон нутгийн холбогдох газрууд хяналт тавих боломж бага байгаа талаар их шүүмжлэл ирдэгийг харгалзан үзэж уг хуульд тайланг 4 хувь хийж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төсөл хэрэгжүүлэгчид, тухайн орон нутгийн захиргаанд бүс бүр өгөх ба нэг хувийг үнэлгээ хийсэн компани өөртөө хадгална гэж нэмж оруулж өглөө. Мөн уг тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон орон нутгийн захиргаанд архивлан хадгална гэдгийг шинээр нэмж оруулсан болно.
9. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний чанар, хэрэгжилт сул байгаа нь орон нутгийн иргэдийн оролцоо хангалтгүй байгаатай холбоотой байна. Ялангуяа ашигт малмал олборлох боловсуулах төслийн үйл ажиллагаанд олон нийтийг оролцуулж байж эдийн засгийн зөв бодлого, зөв хувиарлалт байгалийн нөөцийн зохистой ашиглалтыг бүрдүүлнэ гэсэн олон улсын байгууллагын зөвлөмж, туршлагыг үндэслэн “олон нийтийн оролцоо” гэж тусгайлан бүлэг нэмж орууллаа. Энэ бүлэгт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх болон батлах шатанд олон нийтийн оролцоог хангах, мэдээлэл авах, мэдээллээр хангах, санал авах боломжийг тодорхой нэмж зааж өгсөн.
10. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх үйл ажиллагаанд гадаадын мэргэжилтнүүдийг зөвлөхөөр ажиллуулж болох заалтыг шинээр нэмж хуульчилж өглөө.
11. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдох мэдээллийн нэгдсэн санг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байхаар төсөлд тусгав.
12. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах чиглэлээр зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал болон холбогдох бусад хуулиудын заалтуудтай нийцүүлж шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг хийв.
Гурав. Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм,
эдийн засгийн үр дагаврын талаар
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар учруулахгүй бөгөөд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдох үйл ажиллагааны зохицуулалт, хараа хяналт сайжирч, хүний эрүүл мэнд, байгаль орчинд аливаа сөрөг нөлөөлөл учрах, байгаль орчин бохирдон доройтохоос сэргийлэх нөхцөл бүрдэнэ.
Дөрөв. Хуулийн төсөл нь бусад хууль тогтоомжтой
хэрхэн уялдах талаар
Энэ хуулийг шинэчилсэн найрууллагаар өөрчилсөнөөр бусад хуультай давхцах, зөрчилдөх зүйл гарахгүй юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment