Sunday, November 9, 2008
Аймгуудын тал нь мөнгөн усанд бохирдсон
REPRINTED FROM: http://niigmiintoli.mn/index.php?option=com_content&task=view&id=225&Itemid=42
Бэлтгэсэн Г.БАТЗОРИГ
Monday, 10 November 2008
- ГАР АРГААР АЛТ ОЛБОРЛОГЧДЫН ХУУЛИЙГ ИРЭХ ОНД БАТАЛНА –
Манай улсын төсвийн орлогын ихээхэн хувийг уул уурхайн салбар бүрдүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Уг салбар хөгжихийн хэрээр байгалийн нөхөн сэргээлт хурц тавигдах болсон.
Мөн химийн элдэв хорт бодис хэрэглэснээр гол горхи, хөрс бохирдон, хүн, амьтан хордох нөхцөл бүрддэг. Манай оронд хариуцлагатай уул уурхай жинхэнэ утгаараа хөгжиж чадахгүй байгааг хэн хүнгүй хэлж байна. Ялангуяа, гар аргаар алт олборлогчдын балгаар олон сум, суурин бохирдож, онгон зэрлэг байгаль шархтай үлдэж байгаа.
Иймээс бид ашигт малтмалаас олсон мөнгөө тоолж суухаас гадна хариуцлагатай уул уурхайг өндөр түвшинд хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Газрын баялаг цагийн эрхээр дундарна. Харин байгаль эхээ бид үе хойчдоо өвлүүлэн үлдээсээр байх болно. Өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр байгалийн нөхөн сэргээлт болон химийн бодисын хэрэглээнд хяналт хэрхэн тавьж буй талаар холбогдох хүмүүс танилцууллаа.
Тэдний хэлж буйгаар 1992 оноос хойш 300 орчим аж ахуйн нэгж 14 гаруй га газарт олборлолт хийж, эвдрэл үүсгэсэн байна. Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээлт хийгээгүй гэсэн үг. Дээрхээс 1000 гаруй га газрыг гар аргаар алт олборлогчид буюу “нинжа” нар сүйтгэжээ. Алтны шороон ордоос олборлолт хийж байгаа иргэд химийн бодис хамгийн их хэрэглэж, мөн нөхөн сэргээлт хийхдээ хойрго ханддаг байна. Иймд алтны шороон болон бага нөөцтэй орд, мөн ой, усан сан бүхий газраас ашигт малтмал олборлохыг хориглох нь зүйтэйг мэргэжилтнүүд хэллээ. Үнэхээр ч алтнаас илүү үнэ цэнэтэй зүйл бол газар шороо, чандмань эрдэнэ болсон ус, үзэсгэлэнт байгаль гэдгийг хүн бүр ухамсарлах нь зүйтэй мэт. Нөгөөтэйгүүр, уул уурхайн нөхөн сэргээлт хийх аргачлал, технологийг шинэчлэх шаардлагатайг одоогийн нөхцөл байдал харуулсан хэмээн мэргэжилтнүүд дуу нэгтэй дугарч байв.
Өнгөрсөн хугацаанд 11 аймгийн 36 сум мөнгөн усанд хорджээ. Энэ бол сэтгэл түгшээм тоо. Нийт аймгийн тэн хагас нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой хөнөөл учруулах химийн бодисоор бохирлогдсон гэдэг манайд уул уурхайн салбар дахь хяналт ямар байгаагийн нотолгоо гэхэд болно. Одоогийн байдлаар бохирлогдсон нутгуудыг саармагжуулж байгаа бөгөөд нэгмөсөн хийхэд багагүй цаг хугацаа зарцуулах аж.
Мөнгөн усаас гадна цианит натри зэрэг ашигт малтмал олборлоход хэрэглэдэг төрөл бүрийн химийн бодисоор 200 гаруй мянган ам метр талбай хорджээ. Талбайг хоргүйжүүлэх ажил хийгдсээр байна. Химийн бодис эмх замбараагүй хэрэглэх болсон хэд хэдэн шалтгаан бий гэнэ. Ялангуяа, химийн бодис ашиглах үед тавих лабораторийн хяналт сул байгаа нь ихээхэн нөлөөлж байна. Түүнчлэн, “нинжа”-нууд химийн бодисыг ямар ч хяналтгүй ашиглаж байгаа юм. Тухайлбал, Хэнтий, Сүхбаатар, Төв, Дорнод зэрэгт аймагт байгаа гар аргаар алт олборлогчид эмх замбараагүй, ямар ч хяналтгүй байна.
Удахгүй УИХ-аар Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ. Мөн ирэх жил Гар аргаар алт олборлогчдын тухай хуулийг батлах талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Т.Зоригт хэлсэн. Хэрэв хууль эрх зүйн орчин нь тодорхой болчихвол зохицуулалтын хүндрэл багасах боломжтой. Гэхдээ хууль эрх зүйн орчноос гадна түүнийг дагаж мөрдүүлэх нь илүү хэцүү гэдгийг мартаж болохгүй.
Powered by !JoomlaComment 3.26
3.26 Copyright (C) 2008 Compojoom.com / Copyright (C) 2007 Alain Georgette / Copyright (C) 2006 Frantisek Hliva. All rights reserved."
Сүүлд шинэчилсэн ( Monday, 10 November 2008 )
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment